Уламжлалт анагаах ухаан нь мэдрэхүйн таван арга хэлбэр болох харах, сонсох, хүрэлцэх, амтлах, үнэрлэх зэрэг обьектуудыг эмчилгээний аргын нэг хэсэг болгон ашигладаг.
Тэгвэл тарнийн эмчилгээ нь сонсох мэдрэхүйг ашигладаг дуун энергийн эмчилгээний арга юм.
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, буддизмын уламжлалд тарнийн эмчилгээ нь нууц тарнийн ёсны увдис дамжлагыг ашигладаг.
Энэ нь байгалийн дуу авианы мөн чанарыг багтаасан байдаг ба ихэвчлэн Санскрит, Төвд хэл дээрх эртний үгсийг ашигладаг юм.
Бид өөрийгөө эмчлэхийн тулд Төвдийн тарни эмчилгээг өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглаж болох вэ?
Уламжлал ёсоор эдгээх тарнийг ашиглах 6 үндсэн арга байдаг.
Хэрэглэх арга нь өвчний шинж чанар, тарни нөлөөлөх тусгай аргаас хамаарна.
Ерөнхийдөө тарни түүний хүчийг идэвхжүүлэхийн тулд тодорхой тооны давтамжтайгаар уншдаг бөгөөд мөн үүнийг дуу хоолойны мөн чанараар илэрхийлдэг.
Тиймээс дууны нарийн энергийг агуулсан амьсгал буюу авиа нь бие сэтгэлийг эдгээх орчинг эрчимжүүлдэг юм.
Тарнийн эмчилгээг дараах байдлаар хийдэг уламжлалтай.
1. སྔགས་ཆུ། Аг чү – “Тарнитай ус-рашаан” Тарниа уншаад ус руу үлээж түүнийгээ хоол хүнс болон эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
2. སྔགས་མར། Аг мар “Тарнитай тос ” Тарниа уншаад шар тос руу үлээж, түүнийг хоол хүнс болон эсвэл биеийн асуудалтай хэсэгт түрхэж хэрэглэнэ.
3. ཚྭ་སྔགས།་ Ца аг “Тарнитай давс” Тарниа уншаад давс руу үлээж, дараа нь хоол хүнс болон биеийн асуудалтай хэсэгт хэрэглэнэ. Зарим тохиолдолд давсыг халааж бие дээр тавих, усанд уусгаж биеийг угаах гэх мэтээр хэрэглэж болно.
4. སྔགས་ཕུ། Аг пү “Тарни үлээх” Гараа хооронд нь үрж, тарни уншин үлээгээд дараа нь биеийн асуудалтай хэсэгт гараа тавьж тарнийн хүчийг шингээнэ.
5. ལྕགས་སྔགས། Жаг аг “Тарнитай төмөр” Тарни уншаад төмөр цар луу үлээж түүнийгээ халаан биеийн асуудалтай хэсэгт тавих, тарнийн үсгийг метал аяга таваг зэрэгт сийлэн түүний энергийг эмчилгээ болгон ашиглана. Тарнийн үсэгтэй зэс бумбыг эмчилгээнд ашигладаг уламжлал бий.
6. སྔགས་རྡོ། Аг до ‘Тарнитай чулуу’ Тарниа уншаад эрднийн чулуу руу үлээн, дараа нь халааж эсвэл хүйтнээр нь биеийн асуудалтай хэсэгт тавина.
Тарнийн эмчилгээ нь маш олон хэрэглээний аргуудтай бөгөөд үүнээс гадна өөр олон хэлбэрээр ашиглаж болно.
Бид тарнийг өөрөө уншиж, зарим үед тарни уншиж буй дуу хоолойг сонсож болно.
Тарнийг өвчнөөс хамгаалах сахиус болгон зүүж болно. Тодорхой тусгай тарнийг цаасан дээр бичиж, дотоод эдгээх нөлөөг идэж авч болно. Үүнийг Саеиг буюу иддэг тарни гэж нэрлэдэг.
Тарниар хүчирхэгжүүлсэн арц хүжийг эмчилгээ эсвэл муу энергийг ариусгах зорилгоор уугиулж болно.
Ерөнхийдөө эм танг тарнийн эрчмээр хүчирхэгжүүлдэг уламжлалтай.
Тарнийн эмчилгээг эмчилгээний зориулалтаар хоол хүнсийг хүчирхэгжүүлэх эсвэл бохирдсон хоолыг хоргүйжүүлэхэд ашиглаж болно.
Тарнийн эмчилгээг гэрийн эргэн тойрон, илүү тав тухтай амьдрах орон зайг бий болгох эсвэл ажлын орчинд харилцаа холбоог сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж болно.
Мөн тарни нь иллэг массаж, зүүний эмчилгээ, төөнүүр, бумба тавих, халаасан чулуу, давс тавих, ургамлын хөхүүлэг, дэвтээлэг тавих, дасгал иог хийх зэрэг гадна эмчилгээний аргуудтай хамт хэрэглэж болдгоороо онцлог юм.
Тарнийн эмчилгээгээр бусдад хэрхэн тусалж болох вэ?
Эмчилгээний олон зуун тарни байдаг.
Тухайлбал суулгалт, бөөлжих, өтгөн хатах, халдвар, батга, яс хугарах, төрөлт, ил шархнаас цус алдах зэрэг тодорхой асуудлуудад зориулагдсан тарни байдаг.
Мөн илүү ерөнхий нөхцлүүдийг хамарсан тарни байдаг. Жишээлбэл: Зүрх, уушиг, элэг, дэлүү, бөөр зэрэг цул эрхтнүүдийн эмгэг, цөсний хүүдий, ходоод, бүдүүн гэдэс зэрэг сав эрхтнүүдийн эмгэг, хараа, сонсгол гэх мэт мэдрэхүйн эрхтний эмгэг, эсвэл өвдөлт намдаах зэрэг үйлчилгээтэй тарниуд байдаг.
Таван махбодыг тэнцвэржүүлэх тарни ба гурван гэмийг анагаах тарни байдаг.
Тарни бол аливаа төрлийн өвчний асуудлыг эмчлэх чадвартай байдаг.
Эдгээр нь нарийн төвөгтэй, эсвэл өвчний шалтгаан нь тодорхойгүй байж болох өвчинд маш үр дүнтэй юм..
Тарнийн эмчилгээ нь багшаас шавь нарт уламжлагдан ирдэг онцлогтой.
Ер нь Буддын оюун санааны уламжлалд сургаал ном, тарнийг дамжуулах нь гурван талын үйл ажиллагаатай байдаг.
1. Багш нар сургаалийн талаар аман тайлбар хийж, бясалгал бүтээлийг хэрхэн гүйцэтгэх талаар маш нарийн зааварчилгаа өгдөг уламжлалтай.
2. Багш нар эх бичвэрийн уншлага тарни, ерөөлийг дамжуулж өгдөг. Үүнийг лүн авшиг гэнэ. Шавь нар сонсох, бичих үйлдлээр дамжуулалтыг хүлээн авдаг. Багш, шавь хоёр тарни бясалгах замаар онцгой холбоог бий болгодог.
3. Багш нар чадваржуулах зан үйлийг хийдэг. Үүнийг Ван དབང་། гэх ба тарнийн дадлага хийх эрх мэдэл, зөвшөөрөл өгөх уламжлал юм. Энэ нь жүд дамжлагын хамгийн чухал хэсэг болдог.
Эх сурвалж:
“Самандбадраа эмнэлэг”- зөвлөгөө мэдээллийн алба , орчуулж бэлтгэсэн: Ц.Есөн-Эрдэнэ
Post Views: 50